Тусламж...

Та бүхэн хэрэгтэй мэдээлэл рүүгээ орохын тулд гарчиг дээр нь дараарай. Сэтгэгдэл бичихийн тулд сонгох цэснээс Anоnуmous сонголтыг сонгон хүссэн сэтгэгдэлээ бичих боломжтой.

Нийт үзсэн

Улаанбаатарт..

Хамгийн их уншсан

Followers

Хайлт

Powered by Blogger.

Бяслаг минь хааччихав аа?-1
                                                

Хүний амьдрал гэдэг эрх чөлөөт, ямар ч саад тотгоргүй, алхахад шулуухан, хөгжил цэнгэлтэй, дардан зам бус, алхах хүндээ адармаатай, өөрөө замаа хайхаас өөр аргагүй, зам зуураа төөрч, учираа олохгүйд хүрч, заримдаа хад мөргөн зогсох болдог харгуй ажгуу. Гэвч итгэл байвал заавал зам нээгддэг.
Бодож байсан зам чинь биш байж магадгүй юм, гэхдээ л хожим ингэсэн нь сайн боллоо гэж бодогдох тийм зам нээгдмү.

ЧИКАГОГИЙН УУЛЗАЛТ
Чикагогийн нэгэн сайхан бүтэн сайн өдөр нэг төгсөлтийн хэдэн хүн үдийн зоогт цуглаж хууч хөөрч байлаа.
Тэд амьдралд гардаг өөрчлөлт, бэрхшээлүүд, түүнийг хэрхэн даван гарах, бидний амьдралдаа алдчихдаг сайхан боломжууд, түүнийг бид шүүрч авч чадахгүй алдчихдаг … гээд л олон зүйлийн талаар ярилцаж байв. Тэдний дундаас Майкл нэгэн сонирхолтой үлгэр түүний амьдралыг өөрчилсөн тухай яриа дэлгэлээ. Тэрээр “Энэ үлгэрийн ачаар хувирал өөрчлөлтөд хандах үзэл бодол минь өөрчлөгдсөн. Өөрчлөлт гэдэг бол ямар нэгэн зүйлийг олох явдал байж. Би ийм л хялбархан юмыг ойлгож байгаагүй дээ, аливаа хувирал өөрчлөлт болоход ашигтай зүйл хийхгүй сууж байсандаа цухалдаж, тэр тухай ёстой л яс махандаа шингэтэл ойлгож авсан” гэлээ.
- “Тэр чинь тэгээд ямар үлгэр юм бэ” гэж Анжела асуув.
- “Бяслаг минь хааччихав даа” гэдэг үлгэр. Бүгд инээлдлээ…

БЯСЛАГ МИНЬ ХААЧЧИХАВ АА?
Эрт урьд цагт, алс холын нэгэн оронд хоёр хулгана ба хоёр одой хүн амьдран суудаг байжээ. Тэд хүнс хоолоо базааж, аз жаргалтай амьдрахын тулд цаг үргэлж бартаат замаар бяслаг хайж гүйлддэг байлаа.
Хоёр хулганыг Үнэрчсаарал, нөгөөхийг нь Гүйдэгбор гэх бөгөөд хоёр одой хүн нь хулгануудтай бараг ижил жижигхэн биетэй ч үйл хөдөлгөөн нь бидэнтэй адил, нэрийг нь Хээм, Хоом гэдэг байв. Мань дөрөв өдөр бүр баяслаг хайж олохоор алс холын төөрдөг замаар уйгагүй гүйлдэнэ.
Энэхүү бартаат зам нь олон тооны хонгил, агуйтай, гуу жалга ихтэй төөрдөг ордон бөгөөд энэ олон бартаа, саад бэрхшээлийг давж л чадах юм бол сайхан амьдрахад хүрэлцэхүйц бяслаг хаа нэгтээ нуугдаж байдаг.
Үнэрчсаарал бяслаг байж магад газрыг үнэртээд мэддэг, Гүйдэгбор ёстой л гялс манас, урагшлах маягаар тэд бяслагаа хайна. Хэрэв бяслаг байхгүй бол хоосон гарц замыг сайтар тогтоож аваад, ямагт шинэ зүг урагшилна. Мэдээж хоёр хулгана замдаа төөрч, гуу жалганд тулаад гайхшран зогсох үе олонтоо тохиолдовч яаж ийгээд л замаа олж, урагшилсаар байлаа.
Харин хоёр одой хүн уураг тархиныхаа ачаар өмнөх туршлагаасаа суралцаж байсан учир сайн урагшлах үе ч байж, бас хүн л хойно сэтгэлээр унаж, мохож, итгэлээ алдах үе ч байлаа…
Хоёр хулгана ч, Хээм, Хоом хоёр ч өөр өөрийнхөө замаар бэдэрч явсаар нэгэн өдөр бяслагийн “С” өртөөний хонгилын буланд мөнөөх дурладаг бяслаг байхыг нь олж авлаа. Ингээд хулганууд ч, мань хоёр одой ч өдөр бүр өнөөх “С” өртөөг зорих боллоо.
Үнэрчсаарал, Гүйдэгбор хоёр өдөр бүр эртлэн босч, бартаат замаар яаравчилна. Зорьсон газраа ирмэгц шаахайгаа тайлж, хоёр уяаг нь холбож зангидаад хүзүүндээ зүүнэ (хэзээ ч хамаагүй шуудхан өмсөхөөр). Тэгээд л бяслаг руугаа орж явчихна даа.
Хээм, Хоом хоёр уг нь өглөө бүр бяслагийн “С” өртөөнд яаран ирж шинэхэн, амтат бяслагаа үмхэлж гардаг байсан бол яваандаа оройхон босч, аажуухан хувцаслаад ирэх болов. Тэд ирэхээрээ нуруугаа амрааж, тухлах бөгөөд биеийн тамирын хувцсаа хананд өлгөөд, шаахайгаа тайлж, улавч өмсөнө.
“Үнэхээр гайхалтай сайхан байна шүү. Ингээд л байгаад байхад цаашдаа ер нь давгүй шүү” гээд хоёр одой их л аз жаргалтай байж, сайн явж байгаадаа баярлан, өөрсдийгөө хувь золтой хүмүүс гэж бодох болжээ.
Удалгүй мань хоёр одой мөнөөх бяслагаа бүр өөрсдийн юм гэж бодох болов. Бяслаг их хэмжээгээр байх тул удалгүй хоёулаа тэр хавьд нүүж ирээд, тэндээ ажиллаж, амьдрах болжээ. Тэр хоёрын санаа амарч, ханандаа санамж үг бичиж, тэр байтугай бяслаг хүртэл зурж өлгөөд баясчээ. Тэрхүү үг нь ийм үг байв.

Бяслагийг гартаа л оруулаад авбал жаргалтай байх болноо.

“Хараач! хөөе, янзын бяслаг байгаа биз, ямар байна даа” гээд, найзууддаа хувааж өгч ч, өгөхгүй явуулдаг ч үе байлаа. “Бид ийм л ажил хийсэн юм шүү дээ” гэж Хээм ярив. “Үнэндээ бол урт удаан хугацаанд хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн юм. Үүнийг олж авна гэдэг амаргүй байлаа л даа” гэж шинэхэн бяслагаасаа чимхэн амандаа хийх зуураа өгүүллээ.
Хоёул орой бүр гэдсээ дүүртэл бяслаг идэж аваад, тэнтэр тунтар алхан гэрийн зүг одож, өглөө бүр итгэлтэй нь аргагүй, өнөөдөр бүр ихийг иднэ дээ хэмээн бодсоор бяс­лаг буй газар ирж байв. Ийнхүү өдөр хо­ног харавсан сум шиг өнгөрч байлаа.Удал­гүй мань хоёр биеэ тоож, санаа нь амарч гүйцээд, нэг мэдэхэд ямар нэг юм өөрч­лөгдөөд байгааг мэдэх сөхөөгүй болжээ.
Харин Үнэрчсаарал, Гүйдэгбор хоёр өнөөх л янзаараа, өглөө эрт бяслагийн “С” өртөөнд ирэхээрээ тэр хавийн газрыг үнэртэж, өчигдрөөс ямар нэг зүйл өөрчлөгдөөгүй байгаа гэж шалгаж, гүйлдэнэ. Тэгээд сууж аваад бяслагаа үмхэлж гарна. Гэтэл нэг өдөр очиход нөгөөх бяслаг байхгүй болсон байлаа.
Хоёр хулгана гайхсангүй. Овоолоостой бяслаг өдөр ирэх бүр аажмаар багасч байсныг анзаарч байсан тул хэзээ нэгэн цагт байхгүй болно гэж бодож явсан байв. Тэд бие биенрүүгээ нэг хараад шууд л хүзүүндээ өлгөсөн шаахайгаа углав. Тэдэнд хэрэг явдлыг нягтлан дүгнэж, цэгнэх хэрэг байсангүй, тэдний хувьд асуулт ч, хариулт ч тов тодорхой байлаа. Бяслагийн “С” өртөөний нөхцөл байдал өөрчлөгдлөө. Тиймээс бид ч өөрчлөгдөх ёстой гэж тэд үзээд замаа гүйлгэн харав. Үнэрчсаарал үнэртэж дохиход Гүйдэгбор гүйж эхлэв. Үнэрчсаарал ч яаравчлан араас нь хөөлөө. Шинэ бяслаг олохоор гарч байгаа нь тэр.
Харин тэр өдөр Хээм, Хоом хоёр аажуухан босч, бяслагийн “С” өртөөндөө ирлээ. Бяслаг бахь байдгаараа байж л байгаа гэж бодож байв. Ёстой л цэлмэг тэнгэрээс аянга буух шиг болов. “Юу гэсэн үг вэ? Бяслаг минь байхгүй болчихлоо гэж үү” гэж Хээм бархирав. Ингэж хэлээд байвал өнөөх нь буцаад ирэх юм шигээр улам чангаар бархирч байлаа.
Хээм хашгирч байсан бол Хоом дуугаа хураажээ. Тэр дэмий л гөлөрч байв. Тэр хоёрт бяслаг нэн чухал байсан тул цаашдаа хэрхэх тухайгаа шийдэхэд урт удаан хугацаа шаардагдсан юм. Гэвч бодож бодож олсон зүйл нь бяслагийн “С” өртөөг маш сайн нягтлан үзэж, үнэхээр бяслаг алга болж уу, үгүй юү гэдгийг шалгаж үзэх төдий байлаа. Хоёр хулгана шууд л дараагийн бяслагаа олохоор замд шуударсан байхад Хээм, Хоом хоёр зөвхөн тэр хавьдаа эргэл­дэх төдий байв. Тэр хооронд Хоом бүр санаа­гаар унаж орхилоо. Маргааш бас бяслаг байхгүй бол яанаа, юу болох бол?. Уг нь тэр бяслагаар дөрөөлж, ирээдүйдээ хийх зүйлээ хүртэл төлөвлөж байсан юмсан. Мань хоёр шинэ нөхцөл байдалдаа итгэж өгөхгүй л байлаа. Яахаараа ийм явдалтай учирдаг байнаа? Ингэх учиргүй гэцгээж байв.
Тэр орой, Хээм, Хоом хоёр нуруугаа үүрээд толгойгоо унжуулан, гэр гэртээ харьцгаав. Тэгээд Хоом ханан дээр ингэж бичлээ.

Миний бяслаг хэдий чинээ чухал байна, түүндээ төдийчинээ их харамсмой.

Маргааш өглөө мань хоёр гэрээсээ гараад дахиад нөгөөх өртөөндөө ирэв. Бяслаг байж магадгүй гэж горьдож байгаа нь тэр. Байдал өөрчлөгдөөгүй байв. Бяслаг байдаггүй. Хоёулаа зогтусч, яг л хөшөө шиг болжээ. Хоом нүдээ аниж, хоёр гараараа чихээ маажив. Юм бүхэнд дургүй нь хүрч байлаа. Бяслаг улам бүр багасч байсан энэ тэр гэж бодохын ч хэрэггүй санагдана.
“Ер нь ингэхэд, яагаад ийм юм болов хө?” хэмээн өөрөө өөрөөсөө асуулаа.
Удалгүй Хоом нүдээ нээж, хавь орчноо тойруулж харснаа “Ингэхэд нөгөө хоёр хулгана хаачдаг байна? Эд нар арай бидний мэддэггүйг мэддэг юм биш биз?” гэв.
Хээм шоолон инээж “Чи юу мэддэг гэж хэлэх гээд байнаа. Тэд зөвхөн хулганууд шүү дээ. Нөхцөл байдалд рефлекс төдий хариу хийж байгаа. Гэтэл бид бол хүн шүү. Хулганаас хавьгүй илүү боломжтой. Бий болсон энэ нөхцөл байдлыг эрэгцүүлж ухаарч чадах ёстой шүү дээ”.
“Мэдээж л дээ, бид хавьгүй илүү боломжтой. Гэхдээ одоогоор тийм боломжоо ашиглаагүй байна л даа. Нөхцөл байдал хувирч өөрчлөгдчихөөд байна шүү дээ, Хээмээ. Тийм болохоор арай өөр арга барилаар хандах хэрэгтэй болж байгаа юм биш биз дээ” гэж Хоом хэллээ.
“Яахаараа хувирч өөрчлөгдөхгүй бол болохгүй гэж?” гэж Хээм асуулаа. “Бид нар чинь хүмүүс шүү дээ. Арай өөр, бусдаас ялгаатай. Ийм явдал байж ер таарахгүй” гэлээ.
Хоомын дотор өөр бодол эргэлдэж байлаа.
“Үгүй ээ, ийм тийм нөхцөл байдлыг бодож суухын оронд шийдээд шинэ бяслаг хайж олсон нь дээр гэж би бодох юм”.
“Хэрэггүй ээ, шал дэмий” гэж Хээм хэлэв.
Ийнхүү Хээм, Хоом хоёр яахаа ярилцаж суухад Үнэрчсаарал, Гүйдэгбор хоёр шалам­гай гэгч нь урагшилсаар бартаат замын му­харт хүрч, хонгилоор эргэлдэж, эрж хай­саар. Шинэ бяслаг олохоос өөр бодол тол­гойд нь үгүй байв. Нэг хэсэгтээ юу ч олоо­гүй боловч удалгүй урьд өмнө хэзээ ч очиж байгаагүй өртөө рүү явж орох нь тэр. Хоёр хулгана хоолой мэдэн дуу алдац­гаалаа. Асар их шинэхэн бяслагийг олж харжээ. Бяслагны “N” өртөө ажээ. Тэр хоёр нүдэндээ ч итгэхгүй байлаа. Урьд өмнө харж ч байгаагүй асар их бяслаг байж гэнээ.
Харин Хээм, Хоом хоёр аанай л бяслагны “С” өртөөнд мөнөөх нөхцөл байдал гэгчээ судалсаар, эргэлдсээр л байлаа. Бяслаг алга болсон болохоор ямар үр дагавар гарч ирэхийг төсөөлөн, сэтгэл нь тавгүй байцгаана.
Хоом заримдаа нөгөөх хулгануудын тухай санаж, тэдний байгаа газар бяслаг байгаа болов уу гэж бодно. Тэр хоёр ч бас хий дэмий л бартаат замаар гүйлдэж байгаа юм болов уу, эсвэл шинэ бяслаг олчихоод ам мэдэн үмхэлж байдаг юм биш байгаа гэж санаашран бодох үе ч байлаа. Өөрөө алсын замд гарч, шинэхэн бяслаг хайж олвол ямар сайхан байх болоо гэж бодохоор тэр гайхал нүдэнд нь аяндаа харагдаад ирэх ажээ. Шинэхэн бяслаг олчихоод амталж байна гэж төсөөлөхөөрөө Хоом бяслагийн “С” өртөөг орхин явах хэрэгтэй гэж дотроо бодох боллоо.
“Хөөе! замд гаръя” гэж тэрээр чангаар хэлэв. “Дэмий, дэмий” гэж Хээм шууд л хариулав. “Эндээ байх нь дээр. Дассан газрын даавуу зөөлөн. Өөр газар ч хэцүү шүү дээ” гэлээ.
“Түрүүнээс хойш энэ хавиар зөндөө л холхилоо. Дахиад нэг яваад үзье л дээ”.
“Тэгэх тэнхээ алгаа, хө. Тэгээд замдаа төөрч будилж, тэнэгтэж явж чадахгүй. Тийм биш гэж үү?”
Ийм үг сонсоод Хоом ч гэсэн тэгэх юм биш байгаа гэсэн айдсаар дүүрч, шинэ бяслаг олох хүсэл нь унтрав. Ийнхүү өдөр бүр л ийм байдал давтагдаж байлаа. Бий болсон нөхцөл байдлыг тоохгүй байя гэвч яваандаа нойр нь ч хүрэхээ байж, сульдан ядарч, сэтгэл түгшлээ дийлэхээ болив. Гэр орон нь урам зоригийг нь тэтгэдэг газар байхаа нэгэнт больж, унтаж ч чадахаа болин, дахин бяслаг олохгүй юм биш байгаа гэж хар дарсан зүүдэнд шаналах болов. Гэсэн хэдий ч тэд “С” өртөөнд өглөө бүр ирж байлаа.
Хээм нэг өдөр “Бас дахиад жаахан зүтгээд үзвэл ямар вэ, тэр бяслаг энэ хавьд байх шиг байна. Аягүй бол энэ хананы ард нуугдаж байгаа байх” гэв. Маргааш нь хоёул алх, зээтүү авч ирэн ханыг нүхлээд хартал бяслаг байсангүй. Маргааш дахин өөр ханыг өглөөнөөс орой болтол нүхлэхэд нүх онгойж харлахаас өөр зүйлгүй байлаа.
Мань хоёр өлсөх, унтууцах хоёроос болж, аажим аажим сульдаж ирлээ.
Хоом нөхцөл байдал сайнаар эргэхийг хүлээж суухаас дургүй нь хүрэх болов. Ингээд байгаад байвал юу ч өөрчлөхгүй гэдгийг тэр ойлгох болов. Ингээд нэгэн өдөр өөрөө өөрийгөө элэглэн доогломоор боллоо. “Хоом, чи ер нь юу хийж байна даа. Дахин дахин нэг л юмаа давтахаас цаашгүй. Тэгээд нөхцөл байдал сайжрахгүй байгааг юундаа гайхаав?” Гэсэн ч дахиад л бяслаг хайх зориг, зүрх, сэтгэлээр дутлаа. Замдаа төөрч магадгүй. Ядартлаа гүйгээд олохгүй бол яах вэ? Тэглээ гээд яалтай билээ гэж бодохоос өөрийгөө шоолон инээлээ.
Тэгээд Хээмээс асуулаа. “Шаахайгаа хаана хийчихлээ?”. Түүнийг аяны богцоо бэлдэж байхыг хараад Хээм “Бяслагийн эрэлд гарах нь уу. Бяслагийг хүлээвэл яасан юм бэ?” гэж асуулаа.
“Буцаж ирэхгүй болохоор л тэр. Ингэж бодмооргүй байна л даа. Гэвч нөгөөх хуучин бяслаг буцаад ирэхгүй. Шинэ бяслаг олох хэрэгтэй байна шүү дээ”.
“Тэгвэл бяслаг олдохгүй бол яана?”
“Мэдэхгүй ээ”. Үүнийг тэр өөрөөсөө хэдэнтээ асуусан асуулт юм. Үнэхээр юу ч олдохгүй бол яана аа гэсэн айдас дахиад л төрөв. Тэрээр өөрөөсөө асуув “Аль нь дээр вэ? Бяслаг ирэхийг дэмий хүлээх үү? Эсвэл замд гарч хайх уу?”.
Тэр энэ үед өөрийгөө инээмсэглээд, эрс шийдэмгий замд гарч байна гэж төсөөлөв. Тэгээд энэхүү дүр төрхөндөө өөрөө ч гайхав. Сэтгэл санаа ч сайхан болов. Төөрч магадгүй л юм, гэвч эцсийн эцэст шинэ бяслаг олж л таарна гэж бодмогц зүрх зориг дүүрээд ирэв. Шинэ бяслаг олоод амталж байна, нүхтэй Швед бяслаг, гэрэлтэй шаргал амтлаг бяслаг, америкийн, италийн бяслаг, маш зөөлхөн францын бяслаг идэж байна гэнэ…
Хоом хэлэв “Хүүе ээ! Хээм. Юмс үзэгдэл өөрчлөгдөж байдаг. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байна гэж байхгүй. Хүний амьдрал ч тийм. Амьдрал урагшаа л явна. Бид ч гэсэн урагшаа явахгүй бол болохгүй, хоцорно” гэлээ.
Гэвч Хээм уурлаад сонссон ч үгүй.
Хоом “Бид хоёр ямар тэнэг харагдаж байгаа бол” гэж бодохоос инээд нь хүрч байв. Тэгээд инээмсэглээд “Одоо ингээд замд гарна даа” гэхэд Хээм инээсэн ч үгүй. Хоом бутарсан жижиг чулууг цуглуулангаа Хээмийг ч эрэгцүүлж бодоосой, шинэ баяслагны араас хөөцөлдөөсэй гээд бяслаг зураад ийн бичлээ.

Хувирч өрчлөгдөхгүй л бол мөхөж сүйдэхэд хүрмүй.

Тэгээд Хоом зам өөд харлаа. Тэр бяслаг үнэхээр байхгүй, эргэж ирэхгүй, хайж олохгүй л бол байдал өөрчлөгдөхгүй гэсэн бодолдоо дассан байлаа.
Тэрээр урдах ханандаа нэгэн үг бичээд бодов.

Хэрвээ санаа сэтгэлийн зовинол, түгшил байхгүй бол ер нь юу хийх байсан болоо?

Санаа зовинол, түгшил гэдэг хэрэг болдог цаг байжээ. Энэ хэвээрээ байгаад байвал нөхцөл байдал улам л муудна гэсэн түгшүүрт автагдвал дуртай дургүй ч үйлдэл хийдэг юм байна. Тэрээр баруун тийш хяламхийн харлаа. Ер явж байгаагүй газар агаад жихүүцэл төрнө. Гүнзгий амьсгаа аваад баруун тийш эргэж, мэдэж дасаагүй орчин руу алгуур аажим орж явчихлаа…
Үргэлжлэл бий...

0 сэтгэгдэл

Post a Comment

Админ

Хэрэгтэй сайтууд

Алжаалаа тайл...