Тусламж...

Та бүхэн хэрэгтэй мэдээлэл рүүгээ орохын тулд гарчиг дээр нь дараарай. Сэтгэгдэл бичихийн тулд сонгох цэснээс Anоnуmous сонголтыг сонгон хүссэн сэтгэгдэлээ бичих боломжтой.

Нийт үзсэн

Улаанбаатарт..

Хамгийн их уншсан

Followers

Хайлт

Powered by Blogger.

Бяслаг минь хааччихав аа?
…Яаж ийж чармайж байгаад урагшлая гэвч нэг л мэдэхэд санаа нь зовж эхлэв. Урт хугацааны турш бяслагийн “С” өртөөн дээр гар хоосон хүлээсээр байгаад сул дорой болчихжээ. Хоом сулавтархан инээмсэглээд ингэж бодлоо.


“Хоцорсон ч гэсэн, юу ч байхгүйгээс дээр. Зорилгодоо хүрэхэд удаан хугацаа шаардагдах байх, бас илүү хүнд ч байх. Гэхдээ хэрэв дахин боломж барьж авч чадахгүй бол шууд л орхин явж, өөрчлөлт хувиралтад зохицох нь хавьгүй дээр юм байна” гэж бодлоо.Хоом хэд хэдэн газраас багахан бяслаг олж байсан ч тэр нь тун удалгүй дуусч байв. Ахиухан бяслаг олоод Хээмд аваачиж өгч, түүнийг эрэлд гаргах сэдлийг төрүүлэхсэн гэж бодно. Гэвч найдлага муу байв. Бага зэрэг урагшлав уу даа гэж бодовч тэр дороо л төөрч орхино. Хоёр алхам урагшлаад нэг алхам ухарч… иймэрхүү л байв. Гэхдээ урагшлах нь нэлээд хэцүү байсан боловч айж болгоомжлон дэмий суухаас хамаагүй дээр байлаа.
Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэхээр шинэ бяслаг олж чадах уу, үгүй юу гэдэгтээ эргэлзэх болов. Идэх хэмжээнээсээ илүүг олъё гэж бодоод байгаа юм биш байгаа? Хөнжлийнхөө хэрээс илүү хөлөө жийе гээд байгаа юм биш биз дээ? гэсэн бодол ч төрөв.
Тэрээр бодлогоширч байснаа өөртөө ийн хэлэв. “Одоо нөхцөл байдал хүсмээр сайн биш байгаа ч бяслаг байхгүй байснаас л дээр байна. Яагаад гэвэл байхгүй чигээрээ байгаад байгаа биш, харин яаж ийгээд болгоё, бүтээе гэж байгаа болохоор. Хоёр хулгана чадаад байхад би чадаж л таарна. Ер нь бодоод байхад, бяслагийн “С” өртөөний бяслаг нэг л шөнө гэнэт алга болчихоогүй юм байна шүү дээ. Бяслаг улам бүр багасаж, үлдсэн нь хуучирч, бүр амт муутай болж байжээ. Аягүй бол хөгцөрч муудаж байснаас зайлахгүй. Тэгсэн мөртлөө тэр янзаараа гараа хумхиад л сууж байдаг. Харин одоо бол өөр” гэж бодлоо.
Хоом энэ бодлоо үргэлжлүүлэн “Ер нь ямар нэгэн өөрчлөлт бий болоод байгааг анхааралтай ажиглаж байсан бол, энэ өөрчлөлтөд бэлтгэж, анхааралтай ажиглаж байсан бол тэгтлээ цочирдож балмагдана гэж үү дэ. Одоо л ойлгож байна шүү. Үнэрчсаарал, Гүйдэгбор хоёр аягүй бол бэлтгэлтэй байсан даа. За, үүнээс л хойш ёстой анхааралтай байя” гэж тэр тунгаав.
Хувирал, өөрчлөлт гарна гэдгийг урьдчилан тархи толгойдоо хийж, даган өөрчлөгдөхийг эрэлхийлж байх хэрэгтэй юм. Хэзээ өөрчлөлт гарах бол доо гэдгийг мэдэрч, түүнд зохицох бэлтгэлийг хийж байх ёстой юм байна. Тэрээр жаал амсхийснээ ханан дээр ингэж бичлээ.

Бяслагаа сайн үнэрлэж байвал, хөгцөрч муудсаныг нь анзаарах бус уу.

Нэлээд хугацаа өнгөрсөний дараа Хоом арай гэж нэлээд томхон өртөө рүү орлоо. Гэвч дунд нь хүртэл яваад хартал хоосон байсанд ихэд гутрав. “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчийн үлгэр боллоо гэж тэр бодлоо. Хурдхан зугатаж гармаар. Улам бүр тамирдлаа. Яахыгаа ч мэдэхгүй хэвээр, ер нь амьд үлдэж чадмааргүй ч санагдав. Ерөөс нөгөөх бяслагийн “С” өртөө рүүгээ буцах уу? Хээм тэндээ байгаа бол ядаж ганцаардахгүйсэн. Тэгснээ өөрөөсөө бас нэг асуулт асуув ”Хэрвээ айдас хүйдэс байхгүй бол ер нь юу хийх болоо?”
Дотроо айдас хүйдсээ даван туулчихлаа гэж бодож байсан ч үнэндээ үе үе айдасдаа ээрэгдэж байлаа. Чухам юунаас айж эмээгээд байгаа нь тодорхойгүй бөгөөд сульдаж доройтсон үед ганцаараа урагшлах нь бүр аймаар байв. Хээм замаа олоо юм болов уу, эсвэл бас л айдас болгоомжлолтойгоо зууралдсаар байгаа болов уу гэж Хоом бодлоо. Бас бартаат замд гарч байсан үеээ эргэн дурсав. Одоо л урагшлахгүй бол болохгүй. Тэрээр ханан дээр өгүүлбэр бичив

Шинэ зүг рүү урагшлаваас, шинэхэн бяслагийг олж харму.

Бичиж дуусаад Хоом мөнөөх харанхуй зөрөг рүү ширтэж, дахиад л эмээх сэтгэл төрлөө. Цаашаа юу байдаг бол? Юу ч байхгүй болов уу? Эсвэл аюул занал намайг хүлээж байгаа байх даа? гэх мэтчилэн янз бүрийн бодол толгой дотор нь хөвөрнө. Үнэндээ тэр харанхуй замаар урагшлахаас үнэхээр айж байлаа.
Тэгснээ гэнэт инээд алдав. Айдас хүйдэснээс болоод юм бүхнийг муугаар боддог болчихжээ гэж тэр боджээ. Тэгээд хэрэв айдас гэж байдаггүй байсан бол юу хийх байсан бол гэж бодоод цорын ганц хариулт нь шинэ зүг рүү урагшлах явдал гэдгийг ойлгов.
Хоом харанхуй зөрөг рүү үсрэн орох үедээ инээмсэглэл тодруулж байлаа. Өмнө нь ямар нэг зүйл байгаад итгэх болов. Тэр нь юу вэ? гэдгээ ч хараахан сайн ойлгоогүй хэрнээ урагшилсаар байв. Санаа сэтгэл нь ч улам бүр аятайхан болж ирэв. “Бяслаг ч байхгүй, хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй атлаа яагаад ийм урам зоригтой байгаа хэрэг вэ?”
Удалгүй түүний учрыг ойлгов. Зогтусаад ханан дээр ийн бичлээ.

Айж түгшихийг л давчихвал, санаа сэтгэл уужирму.

Хоом айдас хүйдэст баригдаж байсныгаа сайн ухаарлаа. Шинэ зүг рүү алхсанаар түүнээс чөлөөлөгджээ. Урин салхи сэвэлзэж, аятайхан санагдаад ирэв. Хэдэнтээ гүнзгий амьсгаа автал, урам зориг ч дүүрээд ирлээ. Мөнөөх айдас алга болохоор санаж байснаас ч илүү бадрангуй болдог юм байна гэдгийг ухаарлаа. Бодит байдал бүр л сайн болоосой гээд Хоом бас дахин нэг төсөөлж үзлээ…
Өөрийнхөө дуртай янз бүрийн бясла¬ган уулаар хүрээлжээ… нэгд нэгэнгүй нарийвчлан зураглаж бодлоо. Өөрийн дуртай бяслагнуудыг янз бүрээр амтархан идэж байна гэнэ. Шинэхэн бяслагийн дүр төрх ч улам бүр нүднээ тодрохын хэрээр амт нь амтагдах шиг болж, заавал үүнийг олно доо гэсэн сэтгэл төрж ирлээ. Тэгээд ийн бичив.

Шинэ бяслагийг хараахан олоогүй ч гэлээ түүнийг олчихоод баярлаж байгаагаар өөрийгөө төсөөлөхөд тэр бодитой биелмү.

Хоом алдаж орхисон зүйлээ бус, алсдаа гартаа хийх зүйлээ боддог боллоо. Яагаад хувирал өөрчлөлт зөвхөн муу зүйл авчирна гэж? Сайн зүйлийг ч бас авчирдаг юм бус уу? Яагаад аль болох хурдан ингэж бодсонгүй вэ? гэж тэр бодлоо.
Тэгээд тэнхээ орж хурдан түргэн бартаат замаар гүйж гарав. Удалгүй нэгэн бяслагийн өртөөнд ирж амьсгаагаа дарав. Орох хаалганых нь ойролцоо шинэхэн бяслагийн жижигхэн хэсгүүд хэд хэд харагдлаа. Үзэж хараагүй бяслаг байх агаад гайхалтай сайхан зүйл мэт харагдаж байлаа. Хазаад үзвэл амттай гэж тоймгүй. Ихэнхийг идэж, үлдсэнийг халааслав. Дараа идье. Хээмд ч бас үлдээе.
Хүч чадал нь ундраад ирлээ. Сэтгэл догдлон байж нөгөөх бяслагийн өртөөний гүн рүү ороод явчихлаа. Гэсэн ч тэнд хов хоосон байв. Хэн нэг нь өрсөөд идчихжээ. Хэрэв арай жаахан эрт гараад, хурдан хөдөлсөнсөн бол эндээс ахиухан бяслаг олох байж шүү дээ. Тэрээр “С” өртөөр үү буцаж Хээм өөртэй нь хамт явах бодолтой болж уу, үгүй юү гэдгийг мэдмээр санагдлаа.
Буцах замдаа түр саатаж хананд ийн бичив.

Хуучин бяслагаа аль хэр түргэн хаяж чадна төдий чинээ шинэ бяслаг хурдан олж харму.

Буцаад очтол Хээм байж л байв. Шинэ бяслагнаасаа өгөхөд авсангүй. Хээм баярласнаа илэрхийлээд ийн хэлэв “Шинэ бяслагт яагаад ч юм дур хүрэхгүй байна. Дасаагүй болохоор л тэр байх. Би нөгөө бяслагаа л хүсч байна. Түүнийгээ өөрчлөх бодол алга” гэв. Хоом гайхан алмайрч, толгой сэгсрээд, толгойгоо унжуулан цааш явлаа. Дахиад л Хээмгүй, ганцаар явна гэхээс гунигтай. Гэхдээ нэг зүйл байж, түүндээ баярлаж буйгаа дахин мэдэрлээ. Намайг аз жаргалтай болгох зүйл нь дан ганц бяслаг олох явдал биш юм байна. Айдас хүйдсээр хүлэгдэхгүй болсон нь баярламаар зүйл.
Одоо бол бяслаг байхгүй тэр л чигээрээ бяслагийн “С” өртөөн дээр баригдаж суусантай адил сэтгэл тавгүйцэх зүйл байсангүй. Айдас хүйдсээр биеэн хүлэлгүй, шинэ чиг зүг рүү урагшлан явж байна гэдгээ мэдэж байгаагийн хэрээр урам орж, хүч чадал нь оргилж байлаа. Одоо хэрэгцээтэй зүйлээ эрж олох нь цаг хугацааны асуудлаас өөр юу ч биш гэж бодож байлаа. Үнэндээ эрж хайж байсан зүйлээ аль эрт олчихсон байсан ажээ. Тэрээр инээмсэглэн байж, ийн андгайлан бичив гэнэ.

Бяслаг байхгүй чигээ¬рээ суугаад байснаас замд гарч эрж хайх нь хавьгүй амар, бас аюулгүй болой.

Хоом бас дахин бодлоо. Хүний айж болгоомжлоод байгаа тэр зүйл үнэндээ бол төсөөлж байгаа шигээ муу зүйл биш байдаг юм байна. Өөрийнх нь сэтгэлдээ бий болгоод байгаа тэр айдас хүйдэс нь бодит байдлаас илүүтэй аймаар зүйл биш бус уу?
“Одоо бүр ихийг олно доо” гэж төсөөлөхөөр цээж нь дүүрээд ирнэ. Урьд нь санаа зовинол, айдас хоёр сэтгэлийнх нь хүчийг мөхөөж байжээ. Бяслаг олоо ч уу, үгүй ч үү? Олсон ч хангалттай олж чадах ч юм уу, үгүй ч юм уу? Тэр болтол төөрчихгүй байгаа даа? гэж бодож байсан билээ. Хэрэг явдал сайнаар эргэнэ гэж бодохоос илүү муугаар эргэнэ гэж бодох нь хавьгүй олон байжээ. Гэсэн ч бяслагийн “С” өртөөнөөс явснаар байдал өөрчлөгдсөн юм.
Одоо нэгэнт хувирал, өөрчлөлт бий болох нь жам ёсны хэрэг юм гэдгийг ойлго¬лоо. Өөрчлөлт хувиралт болоход сан¬дарч үймэх нь ерөөс урьд өмнө төсөөлж, түү¬нийг хүлээж байгаагүйгээс л тэр юм байна. Хоом зогтусч, хананд ийн бичлээ.

Бахь байдаг сэтгэлгээ байгаад л байвал, шинэ бяслаг олж үл чадмой.

Хараахан шинэ бяслаг олж чадаагүй ч Хоом бартаат замаар тойрч явахдаа өнөө хүртэл олж мэдсэн зүйлээ эргэн санаж явлаа. Тэрээр шинэ бодол нь шинэ үйлдэлд татаж оруулж байгааг ойлгож байв. Хүн бодлоо өөрчлөхөөр үйлдэл нь өөрчлөгддөг юм байна. Өөрчлөлт хувирал бол гай гарзыг өгдөг зүйл гэж бодоод түүнтэй тэрсдэг хүн олон бий. Хоом хананд ийн бичлээ.

Шинэ бяслаг олж, түүндээ сэтгэл дүүрэн байна гэж бодвол, хүн урагшлах замаа өөрчилмү.

Хоом “Би хувирал өөрчлөлттэй хэдий чинээ хурдан тулж, хэдий чинээ бяслагийн “С” өртөөг хурдан орхиж гарсан бол одоо байдал арай л сайн байх байсандаа” гэж бодлоо. Оюун санааны хувьд ч, бие махбодийн хувьд ч бүр илүү тэнхээтэй байж, шинэ бяслаг олж, асуудлыг түргэн шийдэх байсан бизээ. Үнэндээ хувирал өөрчлөлтийг төсөөлөн багцаалдаж байсан бол одоо шинэ бяслаг олчихсон байх ч юмуу. Гэтэл өөрчлөлт хувирал болж байгааг сайтар тунгаахын оронд тэр чигээрээ цаг хугацааг дэмий урсгаж орхисон байна.
Эдүгээ эргэн санахад олон газар өгүүлбэр бичиж үлдээж байсныгаа сайн болжээ гэж бодов. Хэрэв Хээм бяслагийн “С” өртөөг орхиж явбал үүнийг заавал харж, миний араас нэхэн ирэх бизээ гэж бодлоо. Тэрээр өөрийгөө зөв зүг чиг рүү урагшилж байна гэж бодохыг хүсч байв. Хоом сэтгэлд бодогдсоноо дахин ийн бичиж үлдээлээ.

Бага сага хувирал өөрчлөлтүүдийг аль болох хурдан анзаарч байвал чи удалгүй ирэх том өөрчлөлтөд сайн зохицож чадму.

Хоом өнгөрснөө үтэр хаяж, одоо орчин цагтай нүүр тулан учирч байна.
Мөнхөд л энэ замаар тойрч, төөрч гүйх юм биш биз дээ? гэж бодох үед түүний аялал баярламаар үр дүнтэй учирсан билээ.
Тэр эрч хүчтэйгээр, асар хурдтайгаар бартаат замаар урагшилж байлаа. Удалгүй ийм явдал болсон юм…

Үргэлжлэл бий...

0 сэтгэгдэл

Post a Comment

Админ

Хэрэгтэй сайтууд

Алжаалаа тайл...